CFA шалгалтад бэлдэх үр дүнтэй нэг арга бол жишиг шалгалт өгөх юм. Учир нь аль сэдвийн гүйцэтгэл мууг эртхэн тодорхойлж, түүндээ анхаарснаар бэлтгэлийг чанартай болгодог. Түүнчлэн бодит шалгалтын мэдрэмжийг эрт авснаар шалгалтын үеэрх сандралыг бууруулахад тусалдаг. Энэ удаагийн нийтлэлээр хаанаас, ямар жишиг шалгалт ажиллах хэрэгтэйг тоймлон хүргэж байна.

CFA Learning Ecosystem дээрх жишиг шалгалтаас гадна нэмэлтээр 3-дагч байгууллагын үнэгүй, төлбөртэй жишиг шалгалт өгөх сонголт бий. Мөн манай ТБСИ-ээс энэ оны 8-р сараас эхэлж улирал бүр төлбөртэй жишиг шалгалт танхимаар авч байгаа билээ.

Иймд эдгээр сонголтоос алийг нь сонговол хамгийн сайн болохыг нөхцөл байдалдаа тохируулан туршиж үзээд, аль болох олон жишиг шалгалт өгөхийг зөвлөе. Төлбөргүй болон төлбөртэй шалгалт нь ямар үед тохиромжтойг, давуу болон сул талыг тайлбарлая.

Үнэгүй жишиг шалгалт

Төлбөргүй жишиг шалгалт нь дөнгөж шалгалтын агуулгаа уншиж дууссан, шалгалт хүртэл хангалттай хугацаа байгаа цол горилогчдод тохиромжтой. Шалгалтын бүтэц, асуултын хэлбэртэй танилцах хамгийн хялбар хувилбар юм. Давуу, сул талыг дурдвал:

    Давуу тал:

    • Суурь мэдлэгээ тодорхойлох: Төлбөргүй шалгалт нь цол горилогчийн мэдлэгийг ерөнхийд нь үнэлж, ямар сэдэв дээр илүү анхаарах шаардлагатайг тодорхойлдог. Энэ нь цаашдын суралцах төлөвлөгөөг оновчтой гаргахад тусалдаг.
    • Цагийн менежментээ тооцоолох: Шалгалтад тэнцэхийн тулд цагаа зөв хуваарилах шаардлагатай. 1 асуултад дунджаар 1 минут 30 секунд зарцуулдаг. Иймд жишиг шалгалт өгч, 1 асуултад хэдэн минут зарцуулж байгаагаа хянах хэрэгтэй.
    • Шалгалтын бүтцийг ойлгох: Асуултын хэлбэр, сэдвийн жин, шалгалтын форматтай танилцахад тусалдаг.

    Сул тал:

    • Асуултын тайлбар хомс: Ихэнх үнэгүй жишиг шалгалт зөв хариултыг харуулдаг ч яагаад буруу эсвэл зөв хариулсан талаарх дэлгэрэнгүй тайлбар өгдөггүй. Энэ нь мэдлэгээ бататгах, алдаагаа засруулахад хүндрэлтэй.
    • Байнга давтагддаг, түгээмэл асуулттай байх: Зарим төлбөргүй жишиг шалгалт интернэтэд нийтлэг байдаг жишээ эсвэл хэт энгийн асуултыг агуулсан байдаг. Энэ нь жинхэнэ шалгалтын асуултаас амархан санагдах тул бодит дүгнэлт өгч чадахгүй.
    • Сэдвийн хамрах хүрээ бүрэн бус: CFA шалгалт нь өргөн цар хүрээтэй. Харин үнэгүй жишиг шалгалт нь зарим сэдвийг орхигдуулж, сэдэв тус бүрийн жин жинхэнэ шалгалтаас өөр байх магадлалтай.

    Төлбөртэй жишиг шалгалт

    Шалгалтын бүтэц, агуулгыг бүрэн ойлгосон, өөрийнхөө сул сэдвийг тодорхойлж, түүнийгээ сайжруулах зорилготой цол горилогчдод төлбөртэй жишиг шалгалт хамгийн тохиромжтой. Учир нь төлбөртэй шалгалт нь жинхэнэ шалгалттай ижил зохион байгуулалт, дүгнэх системтэй тул илүү бодит дүгнэлт өгдөг.

    Давуу тал:

    • Шалгалтын гүйцэтгэлийг сэдэв бүрээр үнэлэх: Төлбөртэй жишиг шалгалт нь үр дүнг сэдэв тус бүрээр үнэлж, аль хэсэгт илүү анхаарах шаардлагатайг тодорхойлж өгдөг. Ингэснээр сул сэдвээ сайжруулж, жинхэнэ шалгалтад өндөр оноо авах боломжтой.
    • Асуултын зөв хариулт, нэмэлт тайлбартай: Зөв хариулт төдийгүй, яагаад тэр хариулт зөв болохыг тайлбарладаг тул ойлголтоо бататгах, дахин алдахгүй байх боломж олгодог.
    • Жинхэнэ шалгалт өгч байгаа мэт мэдрэмж: Шалгалтын орчин, цаг, бүтэц зэрэг нь жинхэнэ шалгалттай адил тул цагийн хуваарилалт, асуултдаа оновчтой хариулах тактикаа турших боломжтой. Энэ нь шалгалтын үеэрх сандралыг бууруулдаг.

    Сул тал:

    • Өндөр өртөг: CFA институтээс шалгалтад бүртгүүлсэн цол горилогчдод стандарт 1 бүтэн (2 хэсэгтэй) жишиг шалгалт үнэгүй нээгддэг. Нэмэлтээр жишиг шалгалтын багц (5 шалгалт) худалдаж авах бол 299$ төлдөг учир өртөг өндөртэй.

    Доорх хүснэгтэд төлбөргүй болон төлбөртэй шалгалтын давуу, сул талыг хураангуйлан орууллаа.

    Төлбөртэй жишиг шалгалт

    ТБСИ нь үнэгүй ба төлбөртэй жишиг шалгалтыг санал болгодог. Үнэгүй жишиг шалгалтаа IFT-н асуултын сангаас 10 сэдвийн хүрээнд 90 асуулттайгаар бэлтгэж, зөв буруу хариултын тайлбарыг сорилын төгсгөл хэсэгт оруулж өгснөөрөө давуу талтай. Үнэгүй шалгалтыг туршиж үзэх бол энд дарж ороорой.

    Харин төлбөртэй жишиг шалгалтыг улирал бүр зохион байгуулдаг бөгөөд дараах онцлог, давуу талыг санал болгож байна. Үүнд:

    • CFA институтийн албан ёсны, өглөө, үдээс хойших 2 хэсэгтэй бүтэн жишиг шалгалт;
    • Танхимаар, хянагч багштай зохион байгуулалт;
    • Шалгалтын гүйцэтгэлийг сэдэв бүрээр үнэлж илгээнэ;
    • Асуулт бүрийн зөв хариулт, нэмэлт тайлбар PDF файлаар олгоно;
    • Жишиг шалгалтын агуулгаар 2+ цаг давтлага хичээл танхимаар орно.

    Энэ улирлын жишиг шалгалт 10/25, 11/01-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлогдлоо. Шалгалтын нэмэлт мэдээлэл, бүртгэлийн форм руу энд дарж ороорой.

    Нийтлэгчийн зүгээс: Шалгалтаа амжилттай давахын тулд 2-4 жишиг шалгалт өгөхийг зөвлөдөг. Төлбөртэй эсвэл төлбөргүй жишиг шалгалтын алийг нь ч сонгосон бай өөрийн давуу, сул талаа тодорхойлж, түүнийгээ сайжруулах нь шалгалтаа амжилттай давахын үндэс юм.
    Тогтмол жишиг шалгалт өгч, суралцах үйл явцаа хянаж хэвшээрэй. Танд амжилт хүсье.

    Discover more from Institute of Continuing Education an Research

    Subscribe now to keep reading and get access to the full archive.

    Continue reading