2025 оны 11-р сарын CFA шалгалт эхлэхэд 2 хоног үлдлээ. Бүх түвшний шалгалт өгөх гэж буй цол горилогчдодоо амжилт хүсээд Тасралтгүй Боловсрол Судалгааны Институтын менежментийн баг, багш, дадлагажигч оюутны төлөөллөөс урам зориг өгөх нийтлэл хүргэж байна.
Шалгалт өгөх гэж байгаа цол горилогчдодоо энэ өдрийн мэнд хүргэе!
Та бүхний хүсэн хүлээсэн өдөр ирэх гэж байна. Одоо их юм бодох хэрэггүй. Шалгалтад орохоос өмнөх хэдэн өдөр айхтар өөрийгөө зовоож, яах бол гээд түгшээд байх шаардлага байхгүй. Нэгэнт галт тэрэг хөдөлсөн, очоод юу чаддагаа тултал нь хийх хэрэгтэй. Тестүүдээ бүгдийг нь хариулаарай, сандарч болохгүй. Шалгалтын өдөр очихдоо пасспорт, тооны машинаа мартаж болохгүй шүү.
Асуудалгүй шалгалтаа өг, юу чаддагаа харуул, бүгдэд нь бөөн энерги, аз хүсье!
CFA шалгалт бол урт хугацааны марафон. Тиймээс сэтгэлзүйгээ сайн бэлдээд, өөртөө дарамт бүү өгөөрэй. Тэнцсэн ч, унасан ч урт хугацаандаа цолоо авна гэсэн зорилгоо бүү мартаарай.
11 сард шалгалт өгөх хүмүүстээ юун түрүүнд амжилт хүсье! 5, 6 сарын хугацаанд тасралтгүй бэлдсэн бэлтгэлийнхээ үр дүнг гаргахад ойртсон байна. Шалгалтаа өгөхдөө өөртөө итгэлтэй, сайн хийгээрэй. Та нар бүгдээрээ чадна шүү!
3 түвшин тус бүрд шалгалт өгөх гэж буй ICER-н бүх суралцагч, нийт цол горилогчидодоо амжилт хүсье. Маш өргөн хүрээний, 10 том сэдвийн учир утгыг ойлгож, хичээж суралцсан тул шалгалтдаа санаа зоволгүй, итгэлтэй ороорой.
Асуулт төвөгтэй, цаг бага, дарамт их мэт санагдаж болох ч сэтгэлийн хүчээр л давна шүү. Амжилт!
Шалгалт өгөхөөр зориод, бүртгүүлээд, бэлдээд эхэлсэн л бол том давааныхаа талыг аль хэдийн давчихсан гэсэн үг. Тиймээс зоригтой байгаарай. Энэ хүртэл хичээсэн зүтгэлийнх нь хариу “Passed” байна гэж итгэж байна. Амжилт хүсье!
Энэ болтол олон сар бэлдсэн байх, одоо шалгалт болоход хэдхэн хоног үлдсэн байна. Тийм учраас өнөөг хүртэл хичээснээ бодоод, ямар нэг санаа зовох зүйлгүй шалгалтаа сайн өгөөрэй. Хамгийн гол нь “Тэнгэр шиг байгаарай.”
Олон сар тууштай бэлдэхэд мэдээж тэвчээрийг шалгасан биз ээ. Одоо харин тайвшраад, эргэлзээтэй зүйлсээ тодорхой болгоод, мэдлэгээ цэгцлээрэй. Аа, бас азаа дуудаарай. Бүгдээрээ чадна аа. Амжилт!
Та хангалттай сайн өөрийгөө дайчилж, тууштай байж, сахилга батад суралцсан учир эхлээд өөрөөрөө нэг бахархаарай. Ингэж их цагаа гаргаж бэлдсэн байхад эцсийн мөчид өөртөө итгэлгүй байвал бүх сурсан зүйл замхарч мэднэ шүү. Тиймээс өөртөө итгэлтэй байж, сурсан зүйлээ батлаад өгөөрэй 😉 Та чадна аа.
11 сард CFA шалгалт өгөх бүх хүмүүстээ амжилт хүсье! Хүссэн үр дүндээ хүрээрэй 😉
Чадна гэвэл таны зөв. Та чадна. Чадахгүй гэвэл бас л таны зөв. Та чадахгүй.
– Хенри Форд