Хүсэн хүлээсэн шалгалтын хариу гарлаа. Шалгалтын үр дүн ямар ч байсан өөрийгөө дүгнэж, урагшлах нь хамгийн зөв сонголт юм. Энэхүү нийтлэлээр CFA level I түвшиндээ тэнцсэн эсвэл унасан бол цаашид хэрхэх тухайд бяцхан зөвлөмж хүргэж байна.

Шалгалтдаа тэнцчихлээ, одоо яах вэ?

Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр дүнд шалгалтаа амжилттай давсанд баяр хүргэе. Нэн түрүүнд хайртай дотнын хүмүүстээ баярт мэдээгээ дуулгаж, халуун баяраа тэмдэглээрэй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн CFA цолтон болоход ердөө хоёрхон алхам үлдлээ. Нэгэнт эхлүүлсэн аяллаа дуусгаж, CFA level II түвшнээ өгөхөөр шийдсэн бол танд дараах зөвлөмжийг хүргэе.

Дараагийн түвшиндээ бэлдэж эхлэхийн өмнө CFA level I, II ялгааг сайтар ойлгох хэрэгтэй. Үүнд:

  • 10 сэдвийн жингийн өөрчлөлт
  • Асуултын формат буюу бүтцийн өөрчлөлт
  • Хугацааны өөрчлөлт

Сэдвийн жин

II түвшний шалгалт нь I түвшинтэй харьцуулахад тооцоолол ихтэй. “Багцын удирдлага” болон “Дериватив” сэдвүүд I түвшинд харьцангуй бага жин эзэлдэг ч II түвшинд их хувийг эзэлдэг. Дараах хүснэгтээс 2 шалгалтын хувийн жинг харьцуулж хараарай.

Асуултын формат

II түвшний шалгалтад нэг кэйс өгөгдлийг ашиглан 4 асуултад хариулах форматын дагуу нийт 22 кэйс ажилладаг. Учир нь тус шалгалтаар цол горилогч сэдэв хоорондын уялдаа холбоог хэр сайн, цогцоор нь ойлгосныг шалгадаг. Тиймээс текст, хүснэгт, санхүүгийн тайлан зэрэг олон мэдээлэл бүхий кэйсийг хурдан ойлгож, хэрэгтэй өгөгдлөө ялгаж таних нь чухал юм.

Хугацааны өөрчлөлт

II түвшний шалгалтын нийт хугацаа 4 цаг 24 минут. I түвшинтэй харьцуулахад 6 минутаар бага. Гэхдээ нийт 22 кэйс буюу 88 асуултад хариулах учир нэг асуултад ногдох хугацаа нь 2 дахин нэмэгдэж 3 минут болдог. Мөн нэг асуултын хувийн оноонд эзлэх жин ч 2 дахин нэмэгдэх тул асуулт бүрд зөв хариулах нь үнэ цэнтэй.

2 шалгалтын ялгааг ойлгосны дараа II түвшиндээ бэлдэхэд шаардлагатай хугацааг тодорхойлж, өөрт тохиромжтой цагаа сонгоорой. Анх шалгалтад бэлдэж байсан үеэс ялгаатай нь танд туршлага байна. I түвшнээс хуримтлуулсан мэдлэг, туршлага, гаргасан алдаагаа эргэцүүлж, дахин нэг гайхалтай амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Уначихлаа, одоо яах вэ?

CFA шалгалт нь цол горилогчдоос их хэмжээний цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг өргөн цар хүрээтэй шалгалт билээ. Тийм ч учраас дэлхийн хамгийн хүнд шалгалтын нэгд багтдаг (Collage Vidya Team, 2025). Хэрвээ таагүй шалгалтын хариу хүлээн авч, цаашид юу хийхээ мэдэхгүй байгаа бол унасан шалтгаанаа тодорхойлж, түүнийгээ засах зөвлөмжийг хүргэе.

Шалгалтдаа унасан нь дараах шалтгааны улмаас байх нь түгээмэл. Үүнд:

1. Хангалттай цаг зарцуулаагүй байх

CFA I түвшний шалгалтад тэнцэхийн тулд дор хаяж 300 цаг зарцуулахыг санал болгодог. Мэдээж энэ нь цол горилогчийн хэлний мэдлэг, санхүүгийн суурь ойлголт зэргээс хамааран харилцан адилгүй байна.

Иймд шалгалтад бэлдэхдээ зарцуулсан цагаа хангалттай байсан эсэхийг эргэцүүлэн дараагийн удаа цагаа зөв тооцоолох хэрэгтэй.

2. Цөөн тест, жишиг шалгалт ажиллах

Шалгалт нь өргөн цар хүрээтэй учир өмнө нь уншсан сэдвээ амархан мартчих гээд байдаг. Иймд номоо (curriculum) уншсаны дараа мэдлэгээ бататгаж аль болох олон тест ажиллах нь илүү үр дүнтэй.

Мөн шалгалтад орохын өмнө дор хаяж 2 жишиг шалгалт өгч, үр дүнгээ дүгнээрэй.

3. Ёс зүй сэдвийн муу гүйцэтгэл

Цол горилогчийн гүйцэтгэл MPS–тэй ойрхон үед Ethics Adjustment буюу ёс зүй сэдвийн гүйцэтгэлд үндэслэн тэнцэх эсэхийг шийддэг учраас Ёс зүй сэдвийг сайтар бэлдэх хэрэгтэй. Үүний тулд:

  • Номын жишээг уншиж, ёс зүйн 7 кодыг сайтар ялгадаг болох;
  • Шалгалтад орохын өмнөх 7 хоногт өдөр бүр сэдвээ сэргээн уншиж, тест ажиллах хэрэгтэй.

4. Үр ашиггүй бэлтгэл

Хүн бүрийн суралцах арга барил өөр. Цол горилогчдын гаргадаг түгээмэл алдаа нь номын бүх ойлголтыг нэг бүрчлэн тэмдэглэж хугацаа алдах юм.

Үүний оронд ойлгоход төвөгтэй, гол ойлголтыг тэмдэглэх эсвэл учир шалтгааныг нь ойлгож үр бүтээмжтэй бэлдээрэй. Зарим нэг томьёог цээжлэхийн оронд гаргалгааг нь мэдэж байвал илүү үр дүнтэй байдаг.

5. Шалгалтын өмнөх өдөр хэтрүүлж бэлдсэн

Хэт их ачаалал авч, нойр дутуу бэлдэх нь шалгалтын гүйцэтгэлийг бууруулдаг. Тиймээс шалгалтын өмнөх өдөр эрт амарч, тархиа амраах хэрэгтэй. Хүн унтаж байх үедээ урт хугацааны санах ойгоо бүрдүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан ойлголт юм.

Шалгалтад унахад нөлөөлсөн шалтгааныг тодорхойлох нь дараагийн удаа амжилттай тэнцэхэд түлхэц болно. CFA шалгалт нь тэвчээр, хичээл зүтгэл шаарддаг урт аялал учир дараагийн удаа илүү ухаалгаар бэлдэж, шалгалтдаа тэнцээрэй!

Нийтлэгчийн зүгээс:

Шалгалтын үр дүн ямар ч байсан даваад гарсан нь хамгийн том амжилт юм. Иймд шантралгүйгээр дараагийн алхмаа зоригтой хийж, урагш алхаарай. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болохын тулд энэ аяллыг яагаад эхлүүлснээ эргэн санаад, цолтон болох замналаа үргэлжлүүлээрэй. Танд амжилт хүсье!

Discover more from Institute of Continuing Education an Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading