2026 оны CFA шалгалтын тов, бүртгэлийн хугацаа албан ёсоор зарлагдлаа. Эртнээс ажил ахуй, хувийн санхүүгээ төлөвлөж тохиромжтой хуваариа сонгох хэрэгтэй. Энэ удаагийн нийтлэлээр шалгалтын гол огноо болон бүртгүүлэхэд анхаарах зүйлсийг бэлтгэн хүргэж байна.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Дараах 5 алхмын дагуу шалгалтдаа бүртгүүлнэ.
- Хаяг нээх: cfainstitute.org вебсайт руу орж [sign in | create account] хэсэг рүү нэвтэрнэ. Идэвхжүүлэх кодоор баталгаажуулж нэвтрэх тул ашигладаг хувийн и-мэйл хаягаараа бүртгүүлээрэй.
- CFA хөтөлбөрт бүртгүүлэх: CFA институтээс олон төрлийн хөтөлбөр санал болгодог тул “CFA program”-г сонгож, [enroll and register] хэсэг рүү орж, шалгалт өгөх хуваариа сонгож бүртгүүлнэ.
- Хувийн мэдээллээ оруулах: Гадаад пасспортын мэдээлэл, ажил, албан тушаал, шалгалтын төлбөрийн эх үүсвэр зэрэг хувийн мэдээллийг маш анхааралтай бөглөөрэй. Ялангуяа гадаад пасспорт дээрх овог нэрээ алдаагүй оруулах хэрэгтэй.
- Төлбөр төлөх: Олон улсын visa болон mastercard-аар төлбөрөө төлөх боломжтой. Заавал өөрийн нэр дээрх карт байх албагүй. Төлбөр баталгаажсан үед CFA институтээс и-мэйл ирнэ.
- Шалгалтын өдөр, цагаа товлох: Улаанбаатарт шалгалт авдаг ганцхан төв байгаа тул Монгол Улс, Улаанбаатарыг сонгоход боломжит өдөр, цагийн сонголт гарч ирнэ. Шалгалт ихэвчлэн түвшнээс хамаараад 1-2 өдөр үргэлжилдэг. Цагийн хувьд өглөө 08:00, өдөр 15:00 гэсэн сонголттой байна. Сонгосон өдөр, цагаа дараа нь өөрчлөх бол нэмэлт 250$ төлдөг. Иймд анхнаасаа л маш анхааралтай сонгох хэрэгтэй шүү.
Бүртгүүлэх ба хичээлээ төлөвлөх зөвлөмж
- Эртнээс төлөвлө. Урьдчилсан бүртгэлд амжиж суудлаа баталгаажуулснаар мөнгө хэмнэнэ. Түүнчлэн төлбөрөө төлчихсөн юм чинь бэлтгэлээ эртнээс, нухацтай эхлүүлнэ.
- “6 сарын дүрэм”-ийг бүү март. I түвшний шалгалт өгч байгаа бол дараагийн шалгалт хүртэл хамгийн багадаа 6 сар байдаг. Иймд дахин шалгалт өгөх эсвэл дараагийн түвшний шалгалтад бэлдэх гэж байгаа бол хугацаагаа сайтар тохируулаарай.
- CFA цолтон болох замналаа зурагла. Маш өргөн хүрээний мэдлэг, тууштай байдал зэргийн үр дүнд хаа хүрэхээ тодорхойлбол шалгалтад бэлдэхийн зэрэгцээ мэдлэгээ практикт ашиглах, гүн ойлгох боломж бий болно.
- “300 цагийн дүрэм” буюу нэг түвшинд хамгийн багадаа 300 цаг зарцуулж шалгалтдаа бэлдэх төлөвлөгөө гарга. Шалгалтаас дунджаар 15 долоо хоногийн өмнөөс эхэлж, тогтмол, тууштай бэлдэхийг зөвлөдөг.
- Ажлын хажуугаар бие даан суралцахад хүндрэлтэй бол ICER-н 10-р сарын CFA I түвшний шалгалтад бэлдэх сургалтад бүртгүүлээрэй. Туршлагатай багш нар, ижил зорилготой хамт олонтой хөтөлбөрийн нийт 93 хичээлийг танхимаар 200+ цаг буюу 5 сар орчмын туршид системтэй судлах тул цаг хэмнэсэн, үр бүтээлтэй суралцах арга байх болно.
Нийтлэгчийн зүгээс:
CFA шалгалт хэцүү. Энэ сорилтыг сонирхож, шалгалтын хуваариа харж суух нь хэцүүг давах хамгийн эхний чухал алхам юм шүү. Дэлхийн түвшний мэргэжилтэн болохоор ирээдүйдээ хөрөнгө оруулж буй танд амжилт хүсье!