CFA I түвшний шалгалтад тэнцсэнээ мэдээд л ихэнх цол горилогчид дараагийн даваагаа давахад бэлэн, эрч хүч, итгэл дүүрэн байх нь түгээмэл. Бэлдэж эхлээд л жинхэнэ сорилт II түвшний шалгалт гэдгийг ойлгож эхэлдэг. Яг ижил 10 сэдвийн агуулга илүү гүнзгий, нарийн төвөгтэй болж, зарцуулах хугацаа ч эрс нэмэгддэг. Цол горилогчид I түвшнээ даваад ажлаа солих, илүү хариуцлагатай албан тушаалд томилогдох нь нийтлэг. Иймд ажил, шалгалтын ачааллыг тохируулж, бүтээмжтэй суралцах нь чухал.
Энэ удаагийн нийтлэлээр 300 hours вебсайтад нийтэлсэн CFA II түвшний шалгалтад 4 сарын хугацаанд бүтээмжтэй бэлдэх 9 чухал зөвлөмжөөс тоймлон хүргэж байна.
350 цагийн төлөвлөгөө гарга
CFA I түвшний шалгалтад бэлдэхэд хамгийн багадаа 300 цаг бэлдэхийг зөвлөдөг бол II түвшинд ядаж 50 цагаар илүү бэлдэхийг санал болгодог. Учир нь 10 агуулга тус бүрийг илүү гүнзгийрүүлж судалдаг. Иймд 4 сарын хугацаанд, долоо хоногт 20 цаг зарцуулах шаардлагатай болно. Ажлын хажуугаар шалгалтад бэлдэж байгаа бол ажлын өдөрт 2 цаг, амралтын өдөрт 5-6 цаг сууж бэлдээрэй.
Түүнчлэн асуултын бүтэц богино кэйс өгөгдлийг уншаад 4 хүртэлх тестэд хариулах байдлаар өөрчлөгддөг. Иймд кэйсээ уншиж ойлгоход цаг их шаардана. Асуулт хоорондоо хамааралтай байх тохиолдол цөөнгүй тул илүү анхааралтай хандах хэрэгтэй болдог.
Иймд I түвшний бэлтгэлд төлөвлөгөө гаргаж байсан бол түүнийгээ шинэчилж, эртнээс бэлтгэлээ эхлээрэй. Хэрэв өмнө төлөвлөгөө гаргаж байгаагүй бол 300hours вебсайтын хичээлийн төлөвлөгөөг татаж аваад, өөртөө тохируулан шинэчлээрэй.
Долоо хоногт 20 цаг тууштай суухад бэлэн боллоо. Дараагийн зөвлөмж рүү оръё.
Унших материалаа зорилготой, ухаалгаар судал
4 сарынхаа сүүлийн сард зөвхөн тест, жишиг шалгалт ажиллана гэвэл бүх сурах бичгээ судлах 3 сар үлдэнэ. Өөрөөр хэлбэл сард 3 сэдэв дуусгах зорилго тавих хэрэгтэй. Гол нь хаанаас эхлэх, хэрхэн бүрэн төвлөрөхдөө анхаарах чухал. Зорилгоосоо хазаалгүй, тууштай бэлдэх чухал юм шүү.
Харьцангуй богино хугацаанд их агуулга судлах тул гуравдагч сургалтын байгууллагын товч ном, видео хичээл, танхимын сургалт зэргээс аль тохиромжтойг ашиглах нь ухаалгаар суралцах хэлбэр юм. Нэмэлт зардалтай ч цаг хэмнэж, агуулгаа хялбар, ойлгомжтой байдлаар судлах давуу талтай.
Санал болгох гуравдагч байгууллагын жагсаалтыг нийтлэлийн төгсгөлд төлбөр, материалуудын хамт жагсаасан байгаа. Одоо унших сэдвийн дарааллын тухайд товч зөвлөмж хүргэе.
Ёс зүйгээс бүү эхэл, гэхдээ бүү орхи
Аль сэдвээс эхлэхээ сонгох төвөгтэй. Цол горилогчдоос аль сэдвээс эхлэх хэрэггүй вэ гэвэл ёс зүй гэж дуу нэг хариулна. Хэтэрхий урт, дэлгэрэнгүй текст мэдээлэлтэй тул CFA сурах бичигт 2025 оноос эхлэн хамгийн сүүлийн сэдэв болгожээ.
Гэхдээ ёс зүйг огт тоолгүй орхиж болохгүй. I түвшинтэй ижил агуулгатай гэх шалтгаанаар ач холбогдол өгөлгүй явсаар шалгалтаас 7 хоногийн өмнө нэмэлт агуулга, кэйс байгааг олж мэдээд сэтгэлээр унасан тохиолдол бий. Ёс зүйн үнэлгээ муу бол бусад бүх сэдэв төгс байгаад ч унах магадлалтай тул заавал цаг гаргаж уншаарай.
Эргээд аль сэдвээс эхлэх зөвлөмжөө үргэлжлүүлье. Ёс зүйн оронд жин ихтэй сэдэв (Хувьцааны үнэлгээ, Тогтмол орлоготой үнэт цаас, Багцын менежмент)-ээс эхлээд жин багатайгаа унших, эсвэл эсрэгээр нь дараалуулж судалж болно. Эсвэл 2 жинтэй, 1 жижиг сэдэв гэх байдлаар сөөлжилбөл тохиромжтой.
Жижиг сэдвийг тоолгүй орхиж болохгүй
II түвшинд 10 агуулгын Тоон шинжилгээний аргачлал, Эдийн засгийн онол, Корпорацийн санхүү, Үүсмэл үнэт цаас, Альтернатив хөрөнгө оруулалт сэдэв тус бүр 5-10% эзэлдэг. Тус сэдвүүдэд дунджаар 1-3 кэйс асуулт буюу 4-9 тест ирнэ. Цөөн тест алдахад л сэдвийн 100% үнэлгээнээс их хувиар буурах юм.
Иймд агууга бага сэдэв байх тусам бүрэн гүйцэтгэж, их агуулгатай сэдвээ 70%-с дээш гүйцэтгэх стратегитэй бэлдэж болно. Аль болох ч жигд сайн гүйцэтгэлтэй байж тэнцэх магадлал өсөхийг санаарай.
Нийтлэгчийн зүгээс:
Эцэст нь, шалгалт болоход 4 сар үлдсэн бол таныг маш том сорилт хүлээж байгааг бүү март. Тууштай, тодорхой зорилготой, унших материалаа ухаалгаар судалж чадвал тэнцэж чадна.
I түвшнээ дуусгаад хэсэг хугацааны дараа суралцаж эхлэхэд эхэндээ тухгүй, анхаарал төвлөрөхөд хэцүү байж мэдэх ч аль болох эрт эхэлбэл алгуур суралцах арга барилдаа орчихно. Ингээд 350 цагийн төлөвлөгөөний дагуу бүх сэдвээ судлаад, аль болох эртхэн жишиг шалгалтаа ажиллаарай. Тэгж байж давуу, сул талаа оношилж, оновчтой арга хэмжээ авах боломжтой болно.