Оройтож эхлэх

CFA I түвшний сурах бичиг гэхэд л дунджаар 600 хуудастай 6 номоос бүрддэг, маш өргөн агуулгатай. Тиймээс шалгалтын бэлтгэлд хамгийн багадаа 300 цагийг зарцуулах хэрэгтэй. Хэрэв, шалгалтын бэлтгэлээ хэт оройтож эхэлбэл агуулгаа бүрэн судалж амжихгүй. Цаг тулснаас болж сэтгэлзүйн хувьд тогтворгүй болно.

Сэргийлэх нь:

  • Шалгалтын бэлтгэлээ аль болох эрт эхлэх (6 сарын өмнө байвал бүр сайн);
  • Долоо хоногоор нарийвчилсан төлөвлөгөө гаргах;

Мэргэжлийн ёс зүйг үл тоох

CFA шалгалтын түвшин бүрд “Мэргэжлийн ёс зүй” сэдвийн жин хамгийн өндөр байдаг. Гэтэл цол горилогчид энэ сэдвийн ач холбогдлыг дутуу үнэлж, уншиж ойлголгүйгээр шууд тест хийх хандлагатай байдаг. Шалгалтад ёс зүйн төвөгтэй кэйс өгөгдлийг уншиж, 7 стандартаас алийг зөрчсөн эсвэл огт зөрчөөгүйг хариулахад хүнд байдаг.

Сэргийлэх нь:

  • Нэг уншаад орхилгүй бэлтгэлийн туршид тогтмол хугацаагаар уншиж, ойлгох;
  • Ёс зүйн зарчим, стандартыг ойлгохын тулд бодит жишээ судлах;
  • Сурах бичгийн кэйсүүдийг уншиж, гүнзгий ойлголттой болох.

Практик тест хийлгүй орхих

Тухайн ойлголтыг уншаад л өнгөрөх нь хангалтгүй. Практик тестээр гол санааг ойлгосон эсэх, бодитоор ашиглаж сурсан эсэхээ шалгах хэрэгтэй.

Сэргийлэх нь:

  • Өдөр бүр тогтсон тооны практик тест ажиллахаар төлөвлөх;
  • Жишиг шалгалт (mock test) өгөхөөсөө өмнө сэдэв бүрийн практик тестийг дуусгах;
  • Ямар төрлийн тестэд хэр их хугацаа зарцуулж байгаагаа хянаж, цагийн менежменттэй болох.

Сул сэдвээ давтахгүй байх

Хангалттай оноо авч чадахгүй байгаа сул сэдвээ сайтар давтах хэрэгтэй. Сайн ойлгосон сэдэвтээ 100% үнэлгээ авсан ч нэг сэдэв 50%-иас доош бол тэнцэх магадлал эрс буурдаг. Иймд жигд бэлдэх нь чухал.

Сэргийлэх нь:

  • Тест, жишиг шалгалтаар сэдэв тус бүрийн үнэлгээг тогтмол үнэлэх;
  • Хүнд санагддаг сэдвээсээ зайлсхийлгүй, илүү их цаг зарцуулах;
  • Яаж ч хичээсэн ойлгохгүй бол сайн мэддэг хүнээр заалгах, ярилцах хэрэгтэй.

Тохиромжгүй сурах бичиг сонгох

Хамгийн сайн сурах бичиг бол CFA-н албан ёсны сурах бичиг (curriculum) юм. Гэхдээ тус сурах бичиг хэтэрхий нуршсан мэт санагдах эсвэл бэлдэх цаг бага үед гуравдагч эх сурвалжийн сурах бичиг ашиглах хэрэг гардаг.

Маш олон эх сурвалж бий тул үндсэн сурах бичгийн гол агуулгыг цөм агуулсан, томьёо тэмдэглэгээ зөрөөгүй сурах бичиг сонгох хэрэгтэй. Түүнчлэн сурах бичгийн шинэчлэгдсэн агуулгыг оруулаагүй эх сурвалж сонгохоос зайлсхийгээрэй.

Сэргийлэх нь:

  • Kaplan Schweser эсвэл Wiley зэрэг албан ёсны эх сурвалж нэмэлтээр ашиглах;
  • Үндсэн сурах бичгээс хураангуй тэмдэглэл хийх (схем, тэмдэглэл бичих, флашкарт хийх г.м);
  • Гуравдагч эх сурвалжийн тест ажиллаж, харьцуулж үзэх.

Шалгалтын үеэр цагаа буруу хуваарилах

Олон цол горилогчид шалгалтын цагаа зөв хуваарилж чадаагүйн улмаас асуултдаа бүрэн хариулж амжилгүй дуусгах, эсвэл яаруу хариулж, оноо алддаг.

Сэргийлэх нь:

  • Бэлтгэлийн явцад тест хийх бүртээ цаг тавьж, хурдаа нэмэгдүүлэх;
  • Асуултын төрлөөс хамааран тодорхой хугацаа хуваарилах;
  • Хариултыг мэдэхгүй асуулттай таарвал дараагийн асуулт руу шууд шилжих;
  • Хугацаа их шаардах асуултаа эргэн харахаар “flag”-аар тэмдэглэх.

Сэдвийн жинг үл тоох

CFA шалгалтын 10 сэдэв түвшнээс хамааран ялгаатай жинтэй. Тиймээс бага жинтэй сэдэвт хэр их цаг зарцуулах нь үр ашиггүй.

Сэргийлэх нь:

  • Жин ихтэй сэдвүүдэд илүү цаг зарцуулах (Мэргэжлийн ёс зүй, Санхүүгийн тайлан шинжилгээ, Багцын удирдлага гэх мэт)
  • Сэдэв бүрийн жинд тулгуурлан, бэлтгэлийн цагаа хуваарилах

Жишиг шалгалт өгөхгүй байх

Жишиг шалгалт нь жинхэнэ шалгалтын бүтэц, хугацаа, хүндрэлийг ойлгоход тусалдаг. Шалгалтын мэдрэмж, бодит төсөөлөлгүйгээр шууд өгөх нь тулгамдах, сандрах зэрэг сорилтыг авчирдаг.

Сэргийлэх нь:

  • Бэлтгэлийн сүүлийн сард дор хаяж 4-5 жишиг шалгалт өгөх;
  • Жишиг шалгалтын үр дүнгээ шинжлэн дүгнэж, сул сэдвүүдээ илрүүлэн, сайжруулах
  • Шалгалтын стратегиа оновчлох, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх зорилгоор өгөөрэй.

Бие болон сэтгэлзүйн эрүүл мэндээ мартах

Амралтгүйгээр хэт их хичээллэх нь ядаргаа болдог. Ингэснээр анхаарал төвлөрөл болон мэдээлэл тогтоох чадвар буурдаг.

Сэргийлэх нь:

  • Өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийх;
  • Бясалгал зэрэг стресс тайлах аргаас хэрэгжүүлэх;
  • Хичээлээ давтахдаа 90 минут тутамд богино амралт авч эрч хүчээ сэргээх.

Шалгалттай өдрийн бэлтгэлээ дутуу хангах

Шалгалтын өдрийн хувийн зохион байгуулалт, бэлтгэлийг орхигдуулах нь стресс үүсгэж, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлнө.

Сэргийлэх нь:

  • Шалгалтын төвийн байршил, дүрэм журамтай урьдчилан танилцах
  • Өмнөх орой нь гадаад паспорт, тооны машин зэргийг цүнхэндээ хийж, бэлдэх
  • Хуваарьт цагаасаа эрт очин, сандралаа багасгах

Нийтлэгчийн зүгээс: Цол горилогчид шалгалт өгөхөөр зориг шулуудсан ч яаж бэлдэх, юун дээр анхаарах зэрэг гээд хэн нэгнээс зөвлөгөө авмаар санагддаг даа. Яг ийм гацалттай үед дээрх зөвлөгөө тус хүргэнэ гэж найдаж байна. Шалгалтад бэлдэж байхад иймэрхүү нийтлэл уншаад “Үнэн юм болов уу? Эсвэл…” гэж харддаг байлаа. Эргээд бодоход жижиг ч гэсэн ихээхэн нөлөөтэй зөвлөгөө байж билээ. Шалгалтаа давсан хойно танд ч бас ижил санагдах байх аа. Бэлтгэлд нь амжилт хүсье!

Эх сурвалж

David Smith, CFA. 2024. Finance mock exam. November 08. https://www.financemockexams.com/blog/316018c0-c59c-469b-9ae6-43bea1705126.

Discover more from Institute of Continuing Education an Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading