Санхүүгийн салбарын хамгийн хүнд шалгалтад тооцогддог CFA шалгалтын I, II түвшний ард гарсанд баяр хүргэе! Шалгалтаа сайн, муу өгсөн хамаагүй том давааг давсан тул тайвшраад, амрах эрхтэй. Хариу хэзээ гарах, тэнцсэн эсэхээ мэдэх гэж яарахын оронд дараах 4 алхмын дагуу чанартай амарч, хэвийн амьдрал, ажилдаа орохыг зөвлөж байна.

Алхам 1: Шууд хэрэгжүүлэх 3 зүйл

“Дараа болъё”, “Яг шалгалтаа дуусгаад…” гээд хойшлуулсан зүйлс байвал хамгийн энгийнээс эхэлж хэрэгжүүлээрэй.

Манай ТБСИ-н суралцагчдын шалгалтын дараа шууд хэрэгжүүлэх зүйлсэд дараах 3 түгээмэл жагсжээ.

  1. Үд болтол унтаж, үхрийн дуунаар сэрэх: Нойроо хугаслаж хичээлээ бэлдсэн шөнө бүрийнхээ хариуг сайтар авах хэрэгтэй. Сэтгэл амарсан тул бие ч хурдан амарч, сэргэнэ.
  2. Өөрийгөө эрхлүүлэх: Иднэ гэж бодсон амттан, үзнэ гэж хадгалсан киногоо утгаар нь мэдэрч идэж, үзээрэй. Эсвэл найзуудтайгаа ярилцаж байсан тоглолт, аялалдаа заавал явах хэрэгтэй.
  3. Санхүүгийн детокс: Тоо тооцоолол, санхүүгийн мэдээлэл, тестийн аппликэйшн зэргээс зайгаа аваад толгойгоо амраана.

Алхам 2: Хэвийн амьдралдаа аажмаар орох

Юу юугүй ажилдаа эргэж орохын өмнө том сорилтыг давахад үргэлж найдвартай ар байж дэмжсэн гэр бүл, найз нөхөддөө талархаад чанартай цагийг хамт өнгөрүүлээрэй. Ойр зуурын сонин хачин ярилцангаа хамт хооллож, тэдэнд санаа тавьсан хэвээр гэдгээ юун түрүүнд ойлгуулаарай.

Дараа нь мэдээж өөртөө цаг гаргахаа мартуузай. Дуу сонсох, ном унших, спортоор хичээллэх гээд хоббигоо сэргээж, өөрийгөө урамшуулах хэрэгтэй. Хамгийн гол нь тайвшрах, өөртөө итгэл олох чухал юм шүү.

Эцэст нь ажилдаа эргэж орохдоо ажлын хамт олон, удирдлагадаа хэвийн амьдрал, ажилдаа аажмаар эргэн орж буй тул огцом ачаалал даахад хүндрэлтэй байж магадгүй гэдгээ тайлбарлах нь зүйтэй. Сүүлийн үед ажил олгогчид CFA цол, шалгалтын үнэ цэнийг дэмждэг болсон тул ойлгох нь дамжиггүй.

Алхам 3: Бие, сэтгэлзүйн эрүүл мэндээ хайрлах

Шалгалтын дараа л бие, сэтгэл санаагаар хичнээн ядарснаа ойлгодог. Иймд мэдэгдэхгүй байна гээд тоолгүй заавал биеэ үзүүлж, сэтгэлээ онгойлгох хэрэгтэй. Үүний тулд:

  1. Биеийн ерөнхий шинжилгээ өгөх
  2. Иог, дасгал хийх
  3. Бясалгал хийх, тэмдэглэл хөтлөх зэргээс аль чадахаа хэрэгжүүлээрэй.

Алхам 4: Энэ хүртэлх амжилтаа тэмдэглэх

Шалгалтын хариугаа аваагүй ч 300+ цаг сууж бэлдсэн, шалгалтын өдөр цагтаа, шаардлагатай бичиг баримтаа авч очсон, шалгалтаа дуустал анхааралтай сууж, аль сайнаараа өгөөд гараад ирснээ тэмдэглэх нь нэг том амжилт. Энэ амжилтаа заавал тэмдэглээрэй. Тэмдэглэхдээ нүсэр тэмдэглэх шаардлагагүй. Энэ хүртэл юу сурч ойлгосон, ямар хүмүүстэй танилцаж, хамтарч хичээсэн, ямар сорилтын ард гарснаа сошиал хаягтаа блог болгож оруулж өөрөөрөө бахархаж болно. Эсвэл авмаар байсан зүйлээ авах, хиймээр байсан зүйлээ хийж өөрийгөө урамшуулаарай.

Нийтлэгчийн зүгээс:

Хамгийн гол нь тайвшир, бүү яар. Хариу яах бол, дараа яах бол, түр орхисон ажлаа гялс дуусгая зэргээр өөрийгөө дэмий яаруулах хэрэггүй. Шалгалтын хариу гартал бараг л нэг сар орчим хугацаа болдог. Энэ хүртэл бага багаар хэвийн амьдрал, ажилдаа эргэн орж, ямар ч хариу гарсан амьдрал хэвийн үргэлжилнэ, CFA цолтон болох замнал үргэлжилнэ гэдгийг санаарай.

Discover more from Institute of Continuing Education an Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading