Ажил, хувийн амьдралаа зохицуулахын зэрэгцээ шалгалтад бэлдэх нь ихээхэн сорилттой. Ачаалалтай ажилласны дараа суралцах эрч хүчгүй болж, хангалттай цаг зарцуулж чадахгүй байгаадаа стрессдэж, хий дэмий л сэтгэлээр унадаг. Гэвч шалгалтаа амжилттай давахад заавал их цаг зарцуулах шаардлагагүй. Харин үр бүтээмжтэй, тууштай суралцаж, боломжит цагаа зөв ашиглавал зорьсондоо хүрч чадна. Иймд энэхүү нийтлэлээр:
- Шалгалтад ухаалгаар бэлдэх 3 арга, техник
- Үр бүтээмжтэй суралцах 3 зөвлөмж хүргэе.
Шалгалтад ухаалгаар бэлдэх арга, техник
Идэвхтэй суралцах арга
Шалгалтад бэлдэхдээ идэвхтэй суралцах (active learning) аргыг ашиглавал илүү үр дүнтэй. Учир нь гол агуулгыг уншаад өнгөрөх бус, бодит амьдралд биеэр хэрэгжүүлэхэд төвлөрдөг. Тухайлбал,
- Бүлгээр хэлэлцэх;
- Ойлгосон зүйлээ хамтрагчдаа тайлбарлах;
- Оюуны зураглал хийх;
- Цагаан цаасан дээр сурсан зүйлээ цээжээр бичиж, мэдлэгээ бататгах;
- Бодит амьдралын жишээтэй холбож ойлгох зэрэг.
Эсрэгээрээ, идэвхгүй суралцах аргад нэр томьёо цээжлэх, нэг бүрчлэн бичиж тэмдэглэх, гол ойлголтыг тодруулах, сургалтын материалаа дахин унших зэрэг орно. Ингэснээр цаг алдаад зогсохгүй агуулгыг гүн ойлголгүй, амархан мартах сул талтай.
Богино хугацааны бэлтгэл
Цайны цаг, завсарлага, дараагийн уулзалтаа хүлээх зуур өнгөрдөг идэвхгүй цагийг ашиглан богино хугацааны бэлтгэл (Micro – Learning) хийх боломжтой.
Энэ арга нь завгүй хүмүүст тохиромжтой ба тархийг сэргэг байлгаж, бүтээмжийг нэмэгдүүлдэг. Судалгаагаар, хоёр бүлэг хүмүүст богино хугацааны сургалт болон уламжлалт урт хугацааны сургалтын аргыг туршихад, богино хугацааны сургалтын аргаар хичээллэсэн бүлэг 18 хувиар илүү үр дүн үзүүлжээ.
Удаан хугацаагаар суухын оронд, богино хугацаанд тодорхой агуулгад л анхаарлаа бүрэн хандуулах хэрэгтэй. Жишээ нь үдийн цайгаа хүлээх зуур Эдийн засгийн онол сэдвийн “Бизнесийн мөчлөг” хичээлийн эдийн засгийн индикатор үзүүлэлтийн төрлүүдийг ойлгож, сурч болох юм.
Помодоро техник
Помодоро техник бол 25 минут төвлөрч ажиллаад, 5 минут амрах байдлаар бүтээмжтэй суралцах энгийн бөгөөд үр дүнтэй техник юм. Хүний тархи хэт удаан ачаалах үед ядарч, бүтээмж буурдаг. Харин 5 минутын богино завсарлага нь ой санамж, төвлөрөл сайжруулдаг.
Их агуулгыг олон жижиг хэсэгт хуваан суралцах нь урам зориг өгч, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Мөн асуудал шийдвэрлэх чадвар сайжирч, ядарч сульдах нь багасна.
Үр дүнтэй суралцахад туслах помодоро техникийн сайт, аппликэшинг санал болгож байна. Үүнд:
Үр бүтээмжтэй суралцах зөвлөмж
Энэ хүртэл үр дүнтэй суралцах арга, техникийн талаар авч үзлээ. Харин одоо завгүй амьдралын хажуугаар хэрэгжүүлж болохуйц, бүтээмж нэмэгдүүлэх бяцхан зөвлөмж хүргэе.
Тэргүүн зорилго
Ажилдаа дарагдаад, шалгалтдаа цаг зарцуулж чадахгүй байсаар, нэг л мэдэхэд шалгалт дөхчихсөн байдаг. Өдөр тутмын жижиг ажилд түүртэж, гол зорилгоо умартсанаар ийм нөхцөл байдал үүсэх нь нийтлэг. Үүнийг тэргүүн зорилгын (top goals) зарчмаар засах боломжтой.
Грег МкКеовн “Цөөнийг үйлдэх зарчим” номдоо “Өдөр бүр 2 цагийг тэргүүн зорилгодоо зарцуулж, замаасаа хазайхгүй урагшил” гэх санааг дэвшүүлсэн. Ингэхдээ аль болох эрт эхлэх нь чухал.
- Шууд 2 цаг зарцуулах хүнд санагдаж магадгүй тул эхлээд 30 минут төвлөрч суугаад үзэх хэрэгтэй. Аажмаар сууж бэлдэх хугацааг нэмэгдүүлээрэй.
- Мөн өглөө эрт тархи амарсан байх тул шийдвэр гаргах, бодож боловсруулах чадвар өндөр байдаг. Тиймээс ажил эхлэхээс өмнө шалгалтдаа бэлдвэл илүү үр дүнтэй.
- Шалгалтад бэлдэхдээ өглөө сурах бичгээ (curriculum) уншиж, үдийн цайны үеэр эсвэл ажил тарсны дараа тест ажиллах нь илүү үр дүнтэй.
Суралцах орчин
Таатай орчинд хичээллэвэл анхаарал илүү төвлөрдөг. Хүний биеийн онцлог, сэтгэлзүйд нийцэх орчныг судалж, бүтээмж нэмэгдүүлэх зорилготой шинжлэх ухааныг эргономик гэдэг.
Суралцахад тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд дараах эргономикийн хүчин зүйлийг анхаараарай.
- Сандал – Удаан суухад тохиромжтой, түшлэгтэй сандал сонгох. Ингэснээр бөгтийхөөс сэргийлж, биеийн зөв байрлалыг хадгалах боломжтой.
- Ширээний өндөр – Тохой 90 градусын өнцөгтэй бичихэд тохиромжтой ширээ сонгох.
- Дэлгэц – Дэлгэц нүдний харалдаа байрласан байх хэрэгтэй. Энэ нь хүзүү өвдөхөөс сэргийлнэ.
- Гэрэлтүүлэг – Дэлгэцийн гэрэл ойж, нүдэнд ачаалал өгөхөөс сэргийлэн хиймэл гэрэл ашиглаарай.
Эрүүл амьдралын хэв маяг
Шалгалт, ажил чухал ч гэсэн бүх цагаа ширээний ард өнгөрөөх нь буруу сонголт юм. Чанартай нойр, дасгал хөдөлгөөн, тайван сэтгэлзүй нь биеийг эрч хүчээр цэнэглэдэг. Тиймээс:
- Өдөрт 6-8 цагийн чанартай нойр авч, тогтмол цагт унтаж хэвшээрэй.
- Дасгал хөдөлгөөн нь ой тогтоолтыг сайжруулж, стресс, түгшилтийг бууруулдаг учир долоо хоногт дор хаяж 30 минут дасгал хийхийг зөвлөж байна.
- Сэтгэлзүйн тогтвортой байдлыг хадгалахын тулд өдөр бүр талархаж, унтахын өмнө бясалгал хийгээрэй.
Нийтлэгчийн зүгээс:
Шалгалтад бэлдэхийн зэрэгцээ ажил, хувийн амьдралаа зохицуулах амаргүй. Гэсэн хэдий ч суралцах арга техник, таатай орчин, эрүүл амьдралын хэв маягийг бий болгож чадвал бүтээмжээ дээшлүүлж, шалгалтаа амжилттай давах боломжтой. Хүнд аргаар бус, ухаалгаар суралцаж, ажил амьдралын тэнцвэрээ хадгалаарай. Амжилт хүсье!