CFA нийгэмлэг дор хаяж 300 цагийг түвшин бүрд бэлдэхэд зарцуулах хэрэгтэй гэж зөвлөдөг. Харин тэр цагийг хэрхэн ашиглах вэ гэдэг нь чухал.

Энэ удаа “300 hours” сайтаас эрхлэн гаргасан “CFA шалгалтад бэлдэх үр дүнтэй аргууд” нийтлэлийг товчлон хүргэж байна (Macon 2024). Уг нийтлэлийн шинжлэх ухааны үндэслэл нь “Оюутны сурах чадварыг үр дүнтэй аргаар сайжруулах нь” сэдэвт судалгааны ажил юм (Dunlosky, et al. 2013).

Судалгааны үр дүнг хүснэгтэд тоймлон харуулав. Тус бүрийг дэлгэрүүлэн авч үзнэ.

 

Үр дүн багатай аргууд:

Сонирхолтой нь ихэнх хүмүүсийн түгээмэл ашигладаг тодруулах, доогуур зурах, эхний үсгээр тогтоох зэрэг аргууд нь CFA шалгалтад бэлдэхэд тохиромжгүй. Учир нь эдгээр арга нь агуулгыг цээжлэхэд л тустай. Цээжлэх арга богино хугацаанд үр дүнтэй байж болох ч, удаан хугацааны дараа эргэж санах, шинэ нөхцөлд хэрэглэхэд төвөгтэй болно.

Харин CFA институт цол горилогчдыг нэр томьёог мэддэг байхын сацуу ойлгож, хэрэглэж чаддаг байхыг шаарддаг. Мөн шалгалтын асуулт нь олон хувилбартай, тооцоолол, дүн шинжилгээ шаарддаг тул зөвхөн “цээжлэхэд” тулгуурлах нь алдах магадлалыг нэмдэг. Тиймээс ойлголтод суурилсан, дадлага туршлагаар бататгасан бэлтгэл илүү үр дүнтэй.

Үр дүнтэй аргууд:

Уг шалгалтад бэлдэхдээ цээжлэхэд үндэслэх нь үр дүн муутай гэдгийг мэдлээ. Тэгвэл чухам хэрхэн бэлдвэл ямар ч асуулт ирсэн хариулж чадахуйц, гүн ойлголт, мэдлэгтэй болох талаар зөвлөгөө өгье.

Учир шалтгааныг ойлгож унших

CFA шалгалтын агуулга өргөн хүрээний, нарийн төвөгтэй ойлголт ихтэй учраас ахин дахин уншиж байж илүү тодорхой болдог. Нэг уншихад ерөнхий санааг, дараагийн удаад гол санаа, холбоо хамаарлыг ойлгож авдаг.

Агуулгаа уг үндсээр нь ойлгохын тулд сурах бичгээ (curriculum) уншихдаа зөвхөн “Юу вэ?” биш “Яагаад?” гэх асуултыг хамтад нь асууж, хариулт олох хэрэгтэй. Ингэснээр логикоор нь ойлгож, ямар ч асуулт ирсэн төөрөхгүйгээр зөв хариуг олж чадна.

Хураангуйлах

Ойлгосноо шалгах хамгийн сайн арга нь хураангуйлж бичих юм. Өөрийн үгээр, дэс дараалалтай, учир шалтгааныг тодруулж бичсэнээр уншсан агуулгаа сэргээж, бататгах давуу талтай. Түүнчлэн шалгалт дөхсөн үед номоо уншихаас илүү хураангуй тэмдэглэл харвал цаг хэмнэдэг.

Мөн сурах арга барилдаа тохируулан гол агуулгаа схемчилж зурах, жагсаан бичих зэргээр хураангуйлах боломжтой.

Тест хийх

Мэдэхгүйгээ олж мэдэх нь шалгалтаа амжилттай давахад тусална. Сэдвийн аль хэсгийг ойлгоогүй үлдээснээ шалгахын тулд сэдвийн тестээ уншсан даруйд ажиллаад, алдсан асуултын зөв, буруу хариултын тайлбарыг уншиж, дүгнээрэй.

Сурах бичгийн сэдэв бүрийн Question set, Practice problem хэсгийн тестийг алгасахгүй хийгээрэй. Мөн хоёрдогч зарим хоёрдогч эх сурвалжийн тестийн санг худалдан авч ажиллавал зүгээр (Uworld, Schweser зэрэг). Олон төрлийн асуултад хариулах тусам асуултад хариулах тактик сайжирна.

Жишиг шалгалт хийх

Шалгалтын үеэр сандрахгүй, анхаарлаа бүрэн төвлөрүүлж сурвал тэнцэх магадлал өснө. Тиймээс шалгалтын сэтгэхүй, мэдрэмжид танил болохын тулд бүх сэдвээ судалчихаад жишиг шалгалт хийгээд үзээрэй. Ингэснээр:

  • Асуултыг ялгаж, аль агуулгыг хэрхэн асууж байгааг таньж сурна.
  • Цагийн баримжаатай болно.
  • Сандрал багасна.
  • Өөрийгөө ямар түвшинд байгааг дүгнэх боломжтой болно.

Доорх графикт цол горилогчид түвшин тус бүрд хамгийн багадаа 4-6 жишиг шалгалт хийж тэнцсэнийг харуулжээ.

Цолтоноос тусламж авах & хамтрагчтай болох

Заримдаа хэд дахин уншсан ч агуулгаа ойлгохгүй үе байдаг. Энэ үед CFA цолтноос тусламж авбал олон ойлголтын зангилааг тайлж, агуулгаа том зургаар харахад дөхөм болж, цаг хэмнэнэ. Мөн хамтран бэлдэгчтэй болбол нэгэндээ мэддэгээ тайлбарлах, мэдэхгүй зүйлээ ярилцах, шантрах үед сэтгэлээ хуваалцах зэрэг олон эерэг нөлөөтэй.

Нийтлэгчийн зүгээс:

Миний хувьд 3 дугаар курсийн оюутан байхдаа I түвшнээ өгөхөөр шийдсэн юм. Гэтэл яаж бэлдэх учраа нэг л олохгүй байсаар 300hours сайтаас энэ нийтлэлийг олж уншсан.  Яг тэр үед ТБСИ-н CFA сургалт зарлагдсаныг сонсоод, сургалтад суувал нийтлэлд дурдсан бүх аргыг хэрэгжүүлж болох шийдэл юм байна гэж бодсон. Ингээд ижил зорилготой хүмүүстэй хамтран суралцаж, CFA цолтон багш нараар хичээл заалгаж, гацсан үедээ тусламж авч бэлдсэнээр шалгалтаа амжилттай давсан. Үр дүнтэй, бүтээмжтэй суралцъя гэвэл ТБСИ-н сургалтад бүртгүүлээрэй.

Б.Ариунзул

СЭЗИС-н IV курсийн оюутан, CFA level 1 passed

Discover more from Institute of Continuing Education an Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading