CFA I түвшиндээ уначихлаа, одоо яах вэ?

by | Apr, 2025 | CFA, Tips

Шалгалтдаа уначихлаа гэж санаа бүү зов. Салбартаа мэргэжлийн ёс зүй, мэдлэг, ур чадварын баталгаа гэж үздэг CFA шалгалт нь өргөн цар хүрээтэй, урт хугацааны бэлтгэл шаарддаг. Иймд цол горилогчид эхний оролдлогоор тэнцэх тохиолдол цөөн. I түвшний шалгалтыг сүүлийн 10 жилд 1,085,540 хүн өгсний дунджаар 40% нь л тэнцсэн байна (CFA Institute, 2024).

Хэрвээ таагүй шалгалтын хариу хүлээн авч, цаашид юу хийхээ мэдэхгүй байгаа бол энэ нийтлэлээр:

  1. Шалгалтын гүйцэтгэлээ ойлгох, дүгнэх
  2. Унасан шалтгаанаа тодорхойлж, засах зөвлөмж хүргэе.

Шалгалтын гүйцэтгэлээ ойлгож дүгнэх нь

Шалгалтын гүйцэтгэлээ ойлгож, дүгнэх нь дутагдалтай талаа засаж, дараагийн удаа амжилттай тэнцэхэд тусладаг.

CFA институтээс шалгалтын гүйцэтгэлийн үр дүнг доорх зурагт харуулсан шиг илгээдэг. Үүнээс Minimum Passing Score (MPS) буюу шалгалтад тэнцэхэд шаардлагатай хамгийн бага оноо болон гүйцэтгэлийн оноогоо харьцуулж харах хэрэгтэй.

2025 оноос эхлэн зурагт харуулсан (3) MPS болон (2) гүйцэтгэлийн оноог ил зарладаг болсон. Гүйцэтгэлийн оноо MPS-ийг давбал (1) тэнцэж, даваагүй бол тэнцээгүй үр дүнг харуулна (CFA Institute, 2025).

Гүйцэтгэлийн үр дүнд:

(4) Шалгалтад тэнцэхийн тулд авах шаардлагатай хамгийн бага онооны шугам

(5) Тасархай шугам нь шалгалт өгсөн хүмүүсийн дундаж оноо

(6) Цол горилогчийн авсан онооны шугам

(7) Авсан онооны итгэх интервалыг харж болно. QM хичээлээ санаж байвал ± гурван стандарт хазайлтыг харуулна.

Түүнчлэн шалгалтын гүйцэтгэлийг сэдэв тус бүрээр доорх байдлаар харуулдаг.

Дээрх хоёр зургаас ямар дүгнэлтэд хүрэх вэ?

1. Авсан оноо (6) болон MPS (4)–ийг харьцуулан тэнцэхэд хэр ойрхон байсныг тодорхойлох хэрэгтэй.

  • MPS-тэй ойролцоо оноогоор шалгалтад унасан бол дараагийн оролдлогоор тэнцэх магадлал өндөр. Гүйцэтгэл тааруу сэдвээ илүү анхаарч, бусад сэдвийг сэргээн ороход л хангалттай.
  • MPS-ээс хол зөрүүтэй бол багагүй цаг зарцуулж, жишиг шалгалт өгч, алдаагаа сайтар анхаарах хэрэгтэй.

2. Бусад цол горилогчидтой харьцуулахад ямар гүйцэтгэлтэй байснаа (5) болон (6)-р шугамаас харьцуулж хараарай.

  • Нийт шалгалт өгсөн хүмүүсийн дундаж онооноос хувийн гүйцэтгэлийн оноо нь өндөр бол бусдаас илүү сайн бэлдэж, тэнцэхэд маш ойрхон байсныг илтгэнэ. Иймд шалгалтын агуулгыг мартахаас өмнө ойрын хугацаанд дахин өгөх хэрэгтэй.
  • Дунджаас бага бол дараагийн удаад илүү их хичээх хэрэгтэйг харуулж байна.

3. Хамгийн сайн ба муу гүйцэтгэлтэй сэдвээ үнэлж, анхаарах шаардлагатай сэдэвтээ төвлөрөөрэй.

  • Муу авсан сэдвийн дэд хичээл бүрийг дахин сэргээж, дасгал ажиллаж, ойлголтоо цэгцлэх хэрэгтэй.
  • Жишиг шалгалт өгч тухайн сэдэв дээрээ сайжирсан эсэхээ хянаж, өөрийгөө дүгнэх нь илүү үр дүнтэй.

Унасан шалтгаанаа тодорхойлж засах нь

Бодит гүйцэтгэлээ үнэлж дүгнээд, шалгалтад унахад нөлөөлсөн гол шалтгаанаа тодорхойлж, алдаанаасаа суралцах хэрэгтэй. Түгээмэл тохиолдох шалтгааныг дурдаж, залруулах зөвлөмжийг нь хүргэе.

1. Хангалттай цаг зарцуулаагүй байх

CFA I түвшний шалгалтад тэнцэхийн тулд дор хаяж 300 цаг зарцуулахыг санал болгодог. Мэдээж энэ нь цол горилогчийн хэлний мэдлэг, санхүүгийн суурь ойлголт зэргээс хамааран харилцан адилгүй байна.

Иймд шалгалтад бэлдэхдээ зарцуулсан цагаа хангалттай байсан эсэхийг эргэцүүлэн дараагийн удаа цагаа зөв тооцоолох хэрэгтэй.

2. Цөөн тест, жишиг шалгалт ажиллах

Шалгалт нь өргөн цар хүрээтэй учир өмнө нь уншсан сэдвээ амархан мартчих гээд байдаг. Иймд номоо (curriculum) уншсаны дараа мэдлэгээ бататгаж аль болох олон тест ажиллах нь илүү үр дүнтэй.

Мөн шалгалтад орохын өмнө дор хаяж 2 жишиг шалгалт өгч, үр дүнгээ дүгнээрэй.

3. Ёс зүй сэдвийн муу гүйцэтгэл

Цол горилогчийн гүйцэтгэл MPS–тэй ойрхон үед Ethics Adjustment буюу ёс зүй сэдвийн гүйцэтгэлд үндэслэн тэнцэх эсэхийг шийддэг учраас Ёс зүй сэдвийг сайтар бэлдэх хэрэгтэй. Үүний тулд:

  • Номын жишээг уншиж, ёс зүйн 7 кодыг сайтар ялгадаг болох;
  • Шалгалтад орохын өмнөх 7 хоногт өдөр бүр сэдвээ сэргээн уншиж, тест ажиллах хэрэгтэй.

4. Үр ашиггүй бэлтгэл

Хүн бүрийн суралцах арга барил өөр. Цол горилогчдын гаргадаг түгээмэл алдаа нь номын бүх ойлголтыг нэг бүрчлэн тэмдэглэж хугацаа алдах юм.

Үүний оронд ойлгоход төвөгтэй, гол ойлголтыг тэмдэглэх эсвэл учир шалтгааныг нь ойлгож үр бүтээмжтэй бэлдээрэй. Зарим нэг томъёог цээжлэхийн оронд гаргалгааг нь мэдэж байвал илүү үр дүнтэй байдаг.

5. Шалгалтын өмнөх өдөр хэтрүүлж бэлдсэн

Хэт их ачаалал авч, нойр дутуу бэлдэх нь шалгалтын гүйцэтгэлийг бууруулдаг. Тиймээс шалгалтын өмнөх өдөр эрт амарч, тархиа амраах хэрэгтэй. Хүн унтаж байх үедээ урт хугацааны санах ойгоо бүрдүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан ойлголт юм.

Хэрэв шалгалтдаа санаа зовж, унтаж чадахгүй бол бясалгал хийж, сэтгэлзүйгээ бэлдээрэй. Шалгалтын сэтгэлзүйн тухай дэлгэрэнгүйг “CFA шалгалтын сэтгэлзүй” нийтлэлээс унших боломжтой.

Унахад нөлөөлсөн байж болох шалтгаануудаа хүснэгтлэн жагсааж, зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ аваарай.

Нийтлэгчийн зүгээс:

“Шалгалтын гүйцэтгэлээ зөв дүгнэж, унахад нөлөөлсөн шалтгааныг тодорхойлох нь дараагийн удаа амжилттай тэнцэхэд түлхэц болно. CFA шалгалт нь тэвчээр, хичээл зүтгэл шаарддаг урт аялал учир дараагийн удаа илүү ухаалгаар бэлдэж, шалгалтдаа тэнцээрэй!

Амжилт хүсье!”

Энэ хүртэл уншсан эрхэм уншигч танд баярлалаа.

Дараагийн нийтлэлээр бичүүлмээр байгаа сэдвээ info@icer.mn мэйлээр илгээж болно шүү 🙂

Дараа долоо хоногийн нийтлэлээр эргэн уулзацгаая.

Discover more from Institute of Continuing Education an Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading