Тасралтгүй боловсрол судалгааны институтээс эрхлэн гаргаж буй “Talk with CFA guys” ярилцлагын 3 дахь дугаарт тавтай морилно уу. Бид энэхүү ярилцлага нийтлэлээр CFA® шалгалт өгөх гэж буй оюутан, мэргэжилтнүүдэд CFA цолтнууд ба цол горилогчдын мэдлэг, туршлагаас хуваалцах болно.

Энэхүү дугаарт Хаан Банк ХК-ийн Санхүү, шинжилгээ тайлангийн газрын Санхүүгийн шинжээч, CFA цолтон Г.Намуун өөрийн туршлагаас хуваалцлаа.

CFA шалгалтын хамгийн дурсамжтай түүх

CFA I түвшний шалгалт өгч байх үед дурсамж дүүрэн байжээ. Тухайн үед I түвшний шалгалтыг Монголд авдаггүй байсан тул хамгийн ойр, зардал багатайгаар нь Бээжинд очиж өгч байлаа. Өөр улсад үеийн арав орчим найзтайгаа анх удаа шалгалт өгөх гээд аялсан нь үнэхээр дурсамжтай байсан. Бид нэгнээсээ дутахгүй тал талд бэлдэн, шалгалтаа өгч бүгд тэнцсэн нь үнэхээр бахархам санагдаж байлаа.  

II түвшний шалгалтад ажлын хажуугаар бэлдэх нэлээд хэцүү байсан. Ажил хамгийн эртдээ 18:00 гээд тарна. Хамт бэлддэг хүмүүстэйгээ уулзах гэсээр байтал оройны 7,8 цаг, уулзаад гурван цаг бэлдлээ гэхэд 11, 12 хүртэл сууна. Өдөрт гуравхан л цаг бэлдэнэ. Арай олон цаг бэлдэхийн тулд өглөө 5-д сэрээд ажилдаа явахад маш их ядарч, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Тэр үе их хүнд байж. Гэхдээ ингэж бэлдсэний ачаар шалгалтдаа тэнцсэн нь үнэхээр урамтай байсан.

Хамгийн сорилттой, хэцүү хэсэг нь III түвшний шалгалтдаа нэг нас гарантай хүүхдээ асрангаа бэлдэх л байсан даа. Ажил хичээлийн хажуугаар бэлдэх нь үүний хажууд юу ч биш юм байна лээ. Өмнө зөвхөн өөртөө зориулж цаг гаргадаг байсан бол энэ үед чөлөөт цаг байгаагүй. Хүүхдээ унтах хэсэгхэн хугацаанд шалгалтдаа бэлдэж байсан. Энэ сорилтыг давахад хамгийн их тус болсон гэр бүлийнхэндээ их талархдаг.

CFA хөтөлбөрийн агуулга бодит амьдралд

II түвшнээ давчхаад Хаан банкны IPО гаргах ажлын хэсэгт орж байсан. Энэ үед CFA-н Хувьцааны үнэлгээ (Equity valuation) сэдэв ихэд хэрэг болсон шүү.

Хувьцааг үнэлэхийн тулд хувьцааны эрсдэлийн нэмэгдэл (Equity Risk Premium), эрсдэлгүй хүүгийн түвшин зэрэг олон тооцоолол хэрэгтэй. Гэвч манай хөрөнгийн зах зээл хөгжиж байгаа учраас энэ түвшнийг эндээс шууд авч хэрэглээрэй гэх ойлголт байдаггүй. Номон дээр үүнийг хэрхэн тооцох олон аргыг зааж өгсөн байдаг. Тиймээс боломжит бүх хувилбарыг туршиж үзээд, хамгийн зөв гэж бодсон нэгийг сонгон цааш санал хүргүүлж байлаа.

Мөн зах зээл сайн, дунд, муу байвал хувьцааны үнэ хэрхэн өөрчлөгдөхийг сценари шинжилгээгээр тооцоолж байсан. CFA-д заадаг агуулгыг утгаар нь ашиглаж ажилласан даа.

CFA цол горилогчдод өгөх зөвлөгөө

1. Мэдлэгээ тэлэхэд анхаараарай

Зарим хүмүүс зөвхөн шалгалт давахын төлөө, тест зөв бөглөх зорилгоор бэлддэг юм шиг. Ингэвэл нэгт үлдэц байхгүй, хоёрт урт хугацаанд амжилтад хүрэх зам руу чиглүүлдэггүй. Үүний оронд CFA I түвшний тухайлсан сэдвээс яг юу олж мэдэх, надад юуг ойлгох нь чухал гэж хэлэх гээд байгааг нь ойлговол илүү үлдэцтэй байна. Нэг мэдлэг болоод үлдсэн ойлголтыг ашиглах, тест байдлаар асуухад төвөггүй хариулна. Миний хувьд шинэ сэдэв эхлүүлээд, уншиж байх явцдаа агуулгадаа гүн орж, бүр дурлаад, сонирхоод дуусдаг.

Түүнээс биш энэ сэдэв шалгалт дээр орж ирэх үү, үгүй юу, “Ёо хурдан дуусгачих юм сан” гэж бодвол бүтэлгүйтэх магадлал маш өндөр.

Мөн CFA-ийн мэдлэгийг Монголд өнөөдөр бүрэн дүүрэн ашиглахгүй байж болно. Гэхдээ энэ бол ойрын хэдэн жилийн л асуудал. 5-10 жилийн дараах хөрөнгийн зах зээлийг өнөөдрийн бид хөгжүүлж, CFA-ээс сурсан бүх мэдлэгээ тэр үед төвөггүй ашигладаг болох хэрэгтэй. Мэргэжилтнүүд өөрсдөө боловсрохгүй бол зах зээлээ хөгжүүлж чадахгүй шүү дээ.

Түүнчлэн CFA олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цол учир бид зөвхөн монгол гэлтгүй олон улсын зах зээлд ажиллах асар том боломжийг нээж өгч байгаа юм. Иймд ямар ч тохиолдолд мэргэжлийн боловсон хүчин болж, мэргэжилдээ эзэн болоорой. Мэргэжилдээ эзэн болчихсон хүн хаана ч газардахгүй шүү.

2. Сахилга баттай байгаарай

CFA шалгалтад олон сарын хугацаанд бэлдэнэ. Тухайн хүнээс хамаарч багадаа 3 сар, ихдээ 5-6 сар шаардлагатай. Мөн CFA шалгалтад өдөр өнжилгүй тууштай бэлдэж байж тэнцэнэ. Иймд сахилга баттай байх хэрэгтэй. Шалгалтын дундуур жижиг, сажиг анхаарал сарниулах зүйлс гарч ирнэ ээ. Жишээ нь амралтын өдрөөр олон цагаар бэлдэх гэхээр ажлын хамт олон, найз нөхөд “Хаа байсан шалгалтад хэдэн сарын өмнөөс санаа зовж яах юм, ингэе тэгье” гэнэ. Бас цаг агаар дулаан болохоор жоохон гэгэлзэнэ (инээв).

Энэ үед өөрийгөө удирдаж, “Хэдхэн сар бэлдэж байх хугацаандаа бүрэн гүйцэд өөрийгөө дайчлах юм бол шалгалтаа давсны дараа хэдэн ч өдрөөр, яаж ч амарч зугаалж болно шүү дээ” гэж хэлдэг байлаа.

Ажлын хажуугаар бэлдэх нь их сорилттой. Иймд цагийн хуваариа зөв зохицуулаарай. Би хэтэрхий их цаг зарцуулж бэлдэх гээд байдаг төрлийн хүн л дээ. Заавал бүх номоо уншиж дуусгана гэдэг ч юм уу. Гэтэл ажлын хажуугаар 3 сар бэлдэхээр шахаж төлөвлөсөн учир өдөрт бэлдэх хугацаа их байх шаардлагатай болсон. Тэгж өөрийгөө зовоосноос эртнээс эхлээд өдөр бүр бага цаг зориулж бэлдвэл зүгээр. Жишээ нь 6 сарын өмнөөс эхлээд ажлын өдөрт 2 цаг, амралтын өдөрт 4 цаг гаргаад суувал 480 цаг гаруй хангалттай хугацаа болно.

Иймд та бүхэн бэлдэж байх хэсэгхэн хугацаандаа өөрийгөө дайчилж, сахилга баттай байгаарай.

3. Эрүүл мэндээ бодоорой

Эрүүл биед саруул ухаан гэдэг дээ. Эрүүл байвал юуг ч уншиж, мэдээд суралцахад асуудалгүй. Харин бие өвдчихвөл хэчнээн цагаар сууж бэлдсэн ч нэмэргүй. Өмнө нь хэлсэнчлэн би II түвшинд бэлдэж байхдаа  өглөөний 5-6 гэж сэрээд, оройны 11-12 хүртэл суудаг байсан. Өдөрт 4-5 цаг л унтаж байгаа юм. Ингэж хоёр гаруй сар яваад архаг ядаргаа болчихсон байсан. Бүр шалгалтын өглөө нуруу татаад босож чадахгүй нөхцөлд хүргэсэн. Шалгалтын үеэр их өвдөөд, анхаарал сарниад үнэхээр хэцүү байсан. Ямар ч байсан гүрийгээд шалгалтаа өгч билээ. Олон сарын турш хичээж, зүтгэж байхад эрүүл мэндийн шалтгаанаас болоод шалгалтдаа бүтэлгүйтнэ гэдэг харамсалтай шүү дээ.

“Энэ хүртэл олон цагаар бэлдэж, хангалттай хичээсэн тул би чадах ёстой” гэх сэтгэлзүйтэй байсандаа амжилттай тэнцсэн гэж боддог.

Тэнцэх эсэхтээ жаахан л эргэлзсэн бол нуруу татах үед юун шалгалт манатай, шууд эмнэлэг явах байх. Тэгэхээр шалгалтад бэлдэж байх хугацаандаа зөв хооллох, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх, нойроо бүтэн авч, зөв цагт унтаарай. Нуруугаа тогтмол хэдэн минут сунгаж байх хэрэгтэй шүү.

Туршлагаа хуваалцсан Г.Намуун, CFA-д баярлалаа. Мөн энэ хүртэл уншсан уншигч танд баярлалаа.
Дараагийн ярилцлагаар эргэн уулзъя. Танд амжилт хүсье!

Discover more from Institute of Continuing Education an Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading