Санхүүгийн салбарт мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй хэн бүхэн “CFA цолтон болох уу, MBA хөтөлбөрт хамрагдах уу?” гэх асуулттай нүүр тулдаг. Энэ 2 нь зарим талаараа тун төстэй. Хоёул нэр хүндтэй цол төдийгүй салбарын мэргэжилтнүүдтэй танилын хүрээ тэлэх мэргэжлийн эргэх холбоо бий болгодог.
Харин гол ялгаатай тал нь CFA нь санхүүгийн чиглэлээр гүнзгийрч, багцын удирдлагад төвлөрдөг. Харин MBA нь салбарын хувьд харьцангуй уян хатан ба стратеги, бизнес менежмент чиглэлд төвлөрдөг. Иймд аль нэгийг сонгохын тулд цаашид гүнзгийрэх чиглэлээ тодорхойлох нь чухал.
MBA-н тухайд дэлхийн ТОП 20-д ордог их сургуульд зэрэг хамгаалсан бол CFA-аас ч илүү карьерт түлхэц болж чадна. Харин энгийн нэг коллеж аль эсвэл доогуур эрэмбэтэй их сургуульд хамгаалах бол CFA илүү дээр сонголт байж болох юм. Иймд бидний зүгээс салбарын мэдлэг, ур чадвар, карьераа өсгөх хүсэлтэй мэргэжилтнүүдэд CFA хөтөлбөрийг санал болгож гол давуу талуудаас дурдъя.
Зардал, уян хатан байдал
CFA шалгалт нь бие даан суралцах уян хатан хэлбэртэй. Нийт 3 түвшний шалгалтыг дунджаар 3-4 жилийн хугацаанд давж цолтон болдог. Суралцагчийн хичээл зүтгэлээс хамаарч энэ хугацаа өөрчлөгдөж болно. MBA хөтөлбөртэй харьцуулахад ажлын хажуугаар суралцахад харьцангуй хүчин чармайлт бага шаарддаг.
Түүнчлэн дэлхийд танигдсан их сургуулийн 1.5-2 жилийн MBA хөтөлбөртэй харьцуулахад хамаагүй бага зардалтай.
Бүх түвшний сургалтын материал, шалгалтын хураамжийн зардал нь дунджаар $3,000-$5,000 орчим байдаг ( CFA Institute).
Харин MBA нь сургууль, байршил, суралцах хэлбэр, орчин зэргээс хамаарч $50,000-$150,000 орчим төлбөртэй (U.S. News & World Report, Forbes). Нэмээд оршин суух газар, хоол хүнс, тээвэр гэх мэт амьжиргааны зардал тооцогдоно.
Иймд CFA хөтөлбөрийн хамгийн том давуу тал нь Монголдоо харьцангуй бага зардлаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цол, зэрэг авах боломж юм.
Гүнзгий, цогц мэдлэг
Статистик, эдийн засгийн онолын суурь мэдлэгээс эхлээд үүсмэл санхүүгийн хэрэгсэл, багцын удирдлага, альтернатив хөрөнгө оруулалт гээд санхүүгийн чиглэлийн 10 сэдвийг гүнзгийрүүлэн авч үздэг. Эхний түвшнийг давахад хамгийн багадаа 300 цаг зарцуулдаг. Иймд маш богино хугацаанд гүнзгий, цогц мэдлэг олж авах боломжтой.
Салбарын карьер өсөлт
Америкийн төв банк, Морган Стэнли, Голдман Сакс гээд санхүү, хөрөнгө оруулалтын салбарын нэр хүндтэй, томоохон байгууллагууд CFA цолтой мэргэжилтнийг ажилд авах сонирхол маш өндөртэй байдаг. Учир нь CFA цол нь дээр дурдсан гүнзгий, цогц уялдаатай мэдлэгтэй, мэргэжлийн ёс зүйн стандартын хүрээнд ажиллах чадвартай гэх баталгааг харуулдаг.
MBA-тэй харьцуулахад илүү нарийн техник ур чадварыг тус хөтөлбөрөөс суралцах боломжтой тул цаашид карьер өсгөх бат суурь болдгоороо давуу талтай.
Цалин, үнэлгээ
Сүүлийн гол давуу тал нь үнэлгээ. Бакалавраа аль их сургууль төгссөн, MBA зэрэг хамгаалсан эсэх, ажлын туршлагаас үл хамааран CFA цолтон л бол ижил үнэлэгддэг. Ажил, албан тушаал, хариуцлагаас хамаарч CFA цолтны цалин ялгаатай. Гэхдээ ижил албан тушаалын үнэлгээгээр доогуур жагсдаг их сургуулийн MBA төгсөгчтэй харьцуулахад илүү үнэлэгдэх магадлал өндөртэй.
Харин шалгалтын I, II түвшинг давах нь цалинг шууд өсгөх баталгаа болохгүйг анхаараарай.
Эцэст нь цаашдын ажил карьер, тасралтгүй суралцах үйл явцдаа нухацтай, судалгаатай хандаж хөрөнгө оруулаарай. Амжилт хүсье!