CFA шалгалт өгье: Гэхдээ хаанаас эхлэх вэ?

by | Jan, 2025 | CFA, Tips

CFA шалгалт бол санхүүгийн салбарынхан дунд түгээмэл яригддаг сэдэв. Гэхдээ шалгалтын талаар сонсоод өнгөрөх, бэлдээд өгөх хоёр асар их зөрүүтэй. Энэ шалгалт таны мэдлэг, ур чадварыг сорьж, цаашдын ахиц дэвшлийг тань тодорхойлох чухал алхмын нэг юм. Тууштай хөдөлмөр, хувийн зохион байгуулалт, сэтгэлзүйн бэлтгэл шаардсан урт аялал. Хэрэв та энэ аяллыг эхлүүлэх гэж байгаа бол илүү ихийг сурч, өөрийгөө хөгжүүлэх боломжоо нээж байна. Амжилттай эхлэхэд тань туслах дараах зөвлөмжийг хүргэж байна.

ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ

Энэ нь амжилттай бэлтгэлийн үндэс болдог. Шалгалтад бүртгүүлэхийн өмнө дараах асуултыг өөрөөсөө асууж, зорилгоо тодорхойлоорой.

  • CFA шалгалт өгснөөр надад ямар боломж нээгдэх вэ?
  • Карьераа өсгөхөд ямар эерэг нөлөөтэй вэ?
  • Энэ шалгалт миний алсын зорилготой хэрхэн нийцэж байна вэ?
Тодорхой зорилго нь амжилтын эхлэл ба түүнд хүрэх замыг гэрэлтүүлдэг.

Брайан Трэйси

ТӨЛӨВЛӨХ

Дараагийн алхам бол төлөвлөгөө. Дараах зүйлсийг бодолцож шийдвэрээ гаргаарай.

  • Хэзээ өгвөл тохиромжтой вэ?
  • Суралцахад хэр их цаг зарцуулж чадах вэ?
  • Шалгалтад бүртгүүлэх санхүүгийн нөөц, бололцоо бий юу?

Хэзээ өгөхөө шийдсэн бол CFA институтийн албан ёсны вэб сайт руу нэвтрэн бүртгүүлээрэй. Эрт бүртгүүлснээр 300 долларын хөнгөлөлт эдлэх боломжтой. CFA level I шалгалт 2, 5, 8, 11 сард зохион байгуулагддаг. Та өөрийн боломжит хугацааг сонгон бүртгүүлээрэй. Мөн CFA институт жилд хэд хэдэн удаа тэтгэлэг зарладаг ба дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

БУСДЫН ТУРШЛАГЫГ СУДЛАХ

CFA институтийн судалгаагаар, CFA цолтнуудын 90% нь санхүүгийн салбарт ажилладаг ба тэдний 60% нь ахлах түвшний менежерийн албан тушаал хашиж байна. Тэдний туршлагаас суралцсанаар амжилт, алдаанаас нь сургамж авч, өөрийн цаг хугацааг хэмнэх давуу талтай. Шалгалтаа амжилттай давсан Монгол залуусын туршлагыг дараах холбоосоор үзээрэй.

СУРАЛЦАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ

Суралцах төлөвлөгөө гаргах нь цаг хугацаагаа зөв хуваарилж, шалгалтын агуулгыг системтэйгээр ойлгоход тусалдаг. Тодорхой төлөвлөгөөтэй байснаар суралцах үйл явц илүү үр дүнтэй болох ба тууштайгаар зорилгодоо хүрэхэд чиглүүлдэг. Суралцах төлөвлөгөө гаргахдаа дараа алхмыг хэрэгжүүлээрэй.

  • CFA шалгалтын ерөнхий бүтэц, сэдвийг тодорхойлж, ойлгох
  • Өөрийн англи хэлний чадвар, санхүүгийн ерөнхий ойлголттой эсэхээ оношлох. Дараа нь бие даан бэлдэх эсвэл сургалтад хамрагдах эсэхээ шийдэх.
  • Алийг нь ч сонгосон бай суралцах төлөвлөгөөгөө гаргаарай. Эхлээд ямар хугацаанд, аль сэдвийг бэлдэхээ ерөнхийд нь төлөвлөнө. Дараа нь хэзээ өгөхөөс хамааран өдөрт тогтмол хэдэн цагийг зарцуулахаа шийдээрэй.

Англи хэлний чадвар, санхүүгийн ерөнхий ойлголт зэргээс хамааран шалгалтад бэлдэхэд хамгийн багадаа 300 цаг зарцуулахыг зөвлөдөг. 300 hours вэбсайтад үнэгүй байршуулсан суралцах төлөвлөгөөний excel загварыг ашиглаарай.

НЭМЭЛТ ЭХ ҮҮСВЭР АШИГЛАХ

Шалгалтад бүртгүүлснээр CFA институтийн үндсэн сурах бичгийг ашиглах, дасгал ажиллах эрх нээгддэг. Хараахан бүртгүүлж амжаагүй бол Uworld, Kaplan Schweser зэрэг гуравдагч эх үүсвэрийг ашиглан бэлдэх боломжтой. Эдгээр нь албан ёсны сурах бичгийн агуулгаас товчлон хүргэдэг ба сэдэв тус бүрд олон нэмэлт дасгал, хариутайгаа байдаг нь цаг хэмнэдэг. Мөн та манай институтийн CFA Level I, II танхимын болон цахим сургалтад хамрагдах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

CFA шалгалтад бэлдэх нь өөрийгөө сорьж, ур чадвараа хөгжүүлэх хамгийн таатай боломж юм. Тодорхой зорилго, сайн төлөвлөгөөтэйгөөр энэ сорилтыг даван туулж, өөрийн ур чадвар, мэдлэгийг сайжруулах бүрэн боломжтой. Ирээдүйн амжилт руу хөтлөх эхний алхмаа өнөөдрөөс эхлүүлж, зорилгоо биелүүлээрэй. Танд амжилт хүсье.

Дараагийн нийтлэл: CFA vs MBA

Discover more from Institute of Continuing Education an Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading