Тасралтгүй боловсрол судалгааны институтээс эрхлэн гаргаж буй “Talk with CFA guys” ярилцлагын 2 дахь дугаарт тавтай морилно уу. Бид энэхүү ярилцлага нийтлэлээр CFA® шалгалт өгөх гэж буй оюутан, залуу мэргэжилтнүүдэд CFA цолтнууд ба цол горилогчдын мэдлэг, туршлагаас хуваалцах болно.
Энэхүү дугаарт Голомт Банк ХК-ийн Нөөцийн удирдлагын газрын Хөрөнгө оруулалтын ахлах менежер, CFA цолтон Г.Номин өөрийн туршлагаас хуваалцлаа.
CFA цолтон болох замналын хамгийн дурсамжтай түүх
CFA Level 1, 2-оо найзтайгаа цуг бэлддэг байсан үед хамгийн аз жаргалтай дурсамжууд бүтээжээ. Оюутан байсан учир дарамт шахалт багатай, сурахад бүрэн төвлөрч, шалгалтдаа их баяртай бэлддэг байлаа. Биднийг шалгалт өгч байхад өвөл шалгалт авах тест центр Монголд байгаагүй. Study buddy-тайгаа хамт шалгалтаа өгөхөөр өвөл Бээжин явахдаа хамгийн их дурсамжтай байсан.
Дараа нь Level 3-аа ганцаараа бэлдэх үед их гунигтай байж билээ. Нэмээд Ковид-19 хөл хориотой, шалгалтаас дөнгөж сарын өмнө ковид тусчихсаныг хэлэх үү. Давхар бүтэн цагийн ажилтай байсан тул их л хэцүү санагдаж байсан даа. Гэхдээ би үүнийг дуусгана гэсэн бол яаж ийж байгаад заавал дуусгадаг. Өвдсөн ч гүрийж байгаад шалгалтаа өгч байсан. Нэг бодлын давуу тал боловч эрүүл мэндэд сул талтай.
3 түвшний шалгалтаа эргээд бодоход шалгалт давахдаа биш, найзтайгаа хамт бэлдэж байсан процесс л хамгийн дурсамжтай санагддаг даа.
CFA хөтөлбөрийн агуулга бодит амьдралд хэрхэн ашиглагддаг вэ?
Би их сургуулиа төгсөөд Голомт банкны эрсдэлийн удирдлагын газарт анх ажилд орж байсан. Эрсдэлийн удирдлага дотроо зах зээлийн эрсдэлийн чиглэлээр ажлын гараагаа эхэлж байсан. Тухайн үед Level 2-т бэлдэж байлаа.
Ажил дээр хамгийн эхэнд ашиглагдсан зүйл нь санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийн тооцоолол. Үүнд Level 2-ийн агуулгаас санхүүгийн хөрөнгийн үнэлгээ, зах зээлийн үнэ цэнийн тооцооллыг ашигласан.
Үүнээс гадна банкны хянан шалгалтын Базелийн стандартыг ашиглаж байсан. Зохистой харьцааг хэрхэн хангаж ажиллах, лимитийн хүрээнд ажиллах гэх мэт бүх л агуулгыг бодит амьдралд хэрэгжүүлж үзсэн байна.
Одоо би Нөөцийн удирдлагын газарт “Wealth management” үйлчилгээг хөгжүүлэн ажиллаж байгаа. Бид монголд анх удаа энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Сууриас нь гар бие оролцон босгох явцад номоос дараах агуулгыг шат дараалалтай судалж, хэрэгжүүлээд явж байна. Үүнд:
- Хөрөнгө оруулагчийн эрсдэлийн профайл хийх;
- Үнэт цаасаа хэрхэн сонгох;
- Багц бүрдүүлэлт, мониторинг хийх гээд бүгдийг нь номноос сууриа босгож байсан.
Миний хувьд Level 3-аа ажил дээр сайн ашиглаж чадсан болохоор карьер өсөлтдөө талархалтай ханддаг.
CFA цол горилогчдод өгөх зөвлөгөө
CFA хөтөлбөрийн агуулга бол найдвартай, олон улсад ашиглагддаг стандарт мэдлэг юм. Түүнийг нэг дороос багцаар нь суралцана гэдэг том давуу тал.
- CFA өгөх гэж буй, өгөхөөр бодож буй хүмүүст хандаж хэлэхэд нэгдүгээрт хандлага дээр нь зөвлөгөө өгмөөр байдаг. CFA өгч байгаа олон хүмүүс байгаа шүү дээ. Зарим хүний зорилгыг сонсохоор нэр хүндийн төлөө ч юм шиг байдаг. Тийм зорилготой бол шалгалтад бэлдэх процесс нь асуудалтай болж эхэлдэг. Харин эндээс цэвэр мэдлэг олж авах зорилгоор шалгалтаа өгч эхлэх хэрэгтэй. Тэгж чадвал явцдаа тууштай, зөв хандлагаар бэлддэг. Үүнийгээ дагаад унах магадлал ч бага болдог юм шиг санагддаг.
- CFA-н номд юу гэсэн байна, шалгалтад тэр чинь л орж ирдэг гэдгийг санаарай. Агуулгаа бүтэн ойлгочихвол, шалгалтад угаасаа л түүнийг л асууна. Гуравдагч талын сургалтын материал, бичлэг зэргийг санал болгоно. Магадгүй ICER ч байж болно. Миний хувьд IFT-ийн бичлэгүүдийг их үздэг байсан. Заримдаа CFA-д бэлдэхэд залхдаг л даа. Тэр үедээ r/CFA гээд reddit орчихдог байсан. Тэнд маш хөгжилтэй бас хэрэгтэй зүйлс байдаг. Жишээлбэл мэдэхгүй байгаа сэдвүүдээ ярилцдаг форум хүртэл бий.
- Гуравдугаарт, CFA бол зүгээр л нэг шалгалт. Бидний амьдралд өөр чухал зөндөө зүйлс байгаа. Иймд эрүүл мэндээ сайн бодоорой. Би түрүүн дурдсан даа. Ковид тусчихсан, бүтэн цагийн ажлын хажуугаар бэлдэхэд эрүүл мэнд маань муудчихсан байсан. Эргээд харахад хүнд эрүүл мэнд их чухал гэдгийг маш сайн ойлгосон. Залуу байгаа гээд биеэ гаргуунд гаргалгүй, дасгал хөдөлгөөн хийж, бие сэтгэл санааны хувьд тогтвортой бэлдээрэй гэж зөвлөнө.